МОНГОЛЫН ХЭЛ ХУУРЧДЫН АНХДУГААР ЧУУЛГАН БОЛЛОО
2024-05-07

Монгол угсаатан Хэл хуурчдын холбооноос санаачлан 2024 оны тавдугаар сарын 06-ны өдөр Монголд анх удаа Хэл хуурчдын анхдугаар чуулганыг амжилттай зохион байгууллаа. Уг чуулганыг Монгол Улсын Соёлын яам бодлогоор дэмжиж,  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагийн газар, Соёлын Өвийн Үндэсний Төв, Түмэн эх чуулга, Монголын Үндэсний Соёл, Амралтын хүрээлэн дэмжин ажилласан бол ивээн тэтгэгчээр “Хүрэл өв” урлан, ундаа, усны худалдаа эрхлэгч “Гоё санаа” ХХК-ийн “Дааяо” ундаа, Үндэсний уламжлалт таван цулын FOOD LAB брэнд, үндэсний ноосны ууган үйлдвэрийн Mongol Textelle брэнд, Мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгчээр МҮОНРТ, Монголын Сайтын Холбоо нар хамтран ажиллажээ.

Чуулга уулзалтаар хэл хуур тоглооч, өвлөн уламжлагч, судлаач, урлаачдыг бүртгэлжүүлэх, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэхийн зэрэгцээ хэл хуурыг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлах, хэл хуур хөгжмийн хэрэглээг нэмэгдүүлж, шинжлэх ухааны үндэслэлтэй судлан, хэл хуур хөгжмийн үйлдвэрлэл болон тоглолтын стандартыг бий болгох алсын харааг тогтоохыг зорьсон бөгөөд олон сонирхолтой мэдээлэл мэдлэг олгох илтгэлүүд тавигджээ. Тодруулбал, СББӨ-ийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмон “Соёлын биет бус өвийг хамгаалах хууль эрх зүйн орчин, бодлого арга хэмжээ” сэдвээр олон чухал мэдээллийг өгсөн бол МУ-ын төрийн туульч,  Хэл хуур судлаач, доктор, МУСГЗ Э.Баатаржав “Хэл хуурын гарал үүсэл, далд орон зай” сэдвээр илтгэв.

Түүнчлэн “Олон улс дахь хэл хуурын нэршил ба хэл хуурын ангилал, түүхэн хөгжлийн асуудал” сэдвээр Угсаатан хөгжим судлаач Д.Ганпүрэв, “Эх-хэл хуурын утга холбогдол” сэдвээр Урлаг судлаач, хөөмийч, доктор МУСТА Ч.Баяржаргал, “Хөөмий, хэл хуурын хамсраа ба сургалт-хөгжлийн асуудал” сэдвээр СУИС-ийн Соёл урлаг судлалын хүрээлэнгийн Урлаг судлалын секторын эрхлэгч М.Амаржаргал, “Аман авиан  урлаг-хэл хуурын гарал үүсэл” сэдвээр Ерөөл магтаалч, Өвлөн уламжлагч, МУ-ын Гавьяат жүжигчин Г.Явгаан нар илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Чуулганаар Монгол Угсаатан Хэл Хуурчдын Холбооны хэтийн зорилго, зорилтыг хэлэлцэж, Монголын Хэл хуурчдын Үндэсний наадмыг жил бүр Соёлын яамны ажлын хүрээнд зохион байгуулж байх саналыг уламжиллаа.

# Сэдвүүд
Мэдээ