ДЭНЖ ХОТОЙТОЛ НААДАХ МОНГОЛ НААДАМ АЙСУЙ
2022-07-29

Монгол түмний түүх, уламжлал, ёс заншил, соёлын цогц гайхамшиг болсон бахархалт Монгол наадам айсуй. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөллөөс болж  Үндэсний их баяр наадам бүтэн нэг жилээр хойшилж, энэ жил  Тулгар төрийн 2230,2231 жил, Их Монгол Улсын 815,816 жил, Үндэсний эрх чөлөө,тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110,111 жил, Ардын хувьсгалын 100,101 жилийн ойг хамтатган тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон билээ. Баяр цэнгэлийн манлай Монгол наадмын түүхэн товчоо нь одоогоос 4000 орчим жилийн өмнө Монгол нутагт бэлчээрийн мал аж ахуй үүсэн бий болсон цагаас эхэлдэг гэж түүхийн сурвалжид тэмдэглэсэн байдаг бөгөөд Хүннүгийн түүхийн тухай хятад сурвалжид ч наадмыг өнө эртний түүхтэйг бичиж үлдээсэн байдаг ажээ.

-1206 онд Их Монгол Улсыг тунхаглаж, Тэмүүжинг их эзэн Чингис хаанд өргөмжилснөөс эхлэн эрийн гурван наадам буюу Төрийн их ёслол, баяр наадам хийдэг уламжлал тогтсон байна.

-ХХ зууны эхэн үед Богдын даншиг наадам жил тутам зохиогддог уламжлалтай байв. Энэхүү наадам нь өнгөн дээрээ Богд гэгээнтэнд бат оршил өргөх нэрийн дор болж буй наадам мэт боловч угтаа үндэсний хэмжээний тэмцлийн асуудлыг ярилцахын тулд ноёдыг нэгэн дор цуглуулах арга байжээ. 1911 оны зун Хүрээнд болсон Богдын даншиг наадмын үеэр ноёдын нууц зөвлөлгөөн хийх Богд гэгээнтний лүндэн бууж, үндэстний тусгаар тогтнол, төр улсаа сэргээхээр нэгэн дуугаар шийдвэрлэсэн юм.

– 1925 онд Засгийн газраас Ардын наадмыг тэмдэглэх тухай тогтоол гаргаж долоодугаар сарын 11-нд тэмдэглэж байхаар болжээ.

-1946 онд Х.Чойбалсан Монгол Улсын тусгаар тогтнолыг олон улсад албан ёсоор зөвшөөрүүлсэн түүхэн үйл явдлыг тэмдэглэж, тэр жилийн наадмыг өндөр дээд хэмжээнд зохион байгуулахад ихэд анхаарч, нэрийг нь Ардын хувьсгал ялсны ой” гэж өөрчилсөн түүхтэй.

-Улмаар 2006 онд  ” Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой” болгон өргөн дэлгэр тэмдэглэсэн бөгөөд одоогоор улсын баяр наадмыг  Тулгар төрийн ой, Их Монгол Улсын байгуулагдсаны ой,Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ой, Ардын хувьсгалын ой зэрэг тодотголтой хамтатган тэмдэглэж байна.

# Сэдвүүд
Мэдээ