ҮНДЭСНИЙ ТӨВИЙН “ТУУЛЬ ӨВ ЭРДЭНЭСИЙН ӨРГӨӨ” ТӨВ ТАЛБАЙД
2024-05-07

Монголчууд бидний үндэсний бахархал, ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн монгол гэрийг хүүхэд залууст болон манай орныг зорин ирсэн жуулчдад таниулах зорилготой “Монгол гэр” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.

Үзэсгэлэнд Монгол орны бүс нутгуудаас угсаатан ястны онцлогийг харуулсан, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн баяжуулж хөгжүүлсэн гэрүүдийг дэлгэн тавьсан. Эдгээр гэрүүдийн дотоод тавилга, эд хогшил нь харилцан адилгүй хэв шинж, түүх, хэрэглээтэй бөгөөд монголын уламжлалт соёл, өвийг сурталчлан таниулах өндөр ач холбогдолтой юм.

Энэхүү үзэсгэлэнд Соёлын өвийн үндэсний төв оролцож буй бөгөөд тус үндэсний төвийн “Туульс Өв эрдэнэсийн өргөө”-нд “Монгол гэрийн уламжлал, шинэчлэл” эрдэм шинжилгээний бага хурал, “Монгол гэрийн мод урлаачдын өвлөн уламжлалын асуудал” зэрэг сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдсанаас гадна нэгдсэн хөтөлбөрийн дагуу Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч, туульчид болон эрдэмтэн судлаач нартай хамтран ажиллаж байна.

Тухайлбал, 05 дугаар сарын 04-ний өдөр Урлагийн гавьяат зүтгэлтэн, туульч Э.Баатаржав “Урианхай тууль” хайлж олон нийтэд сурталчилсан бол 05 дугаар сарын 05-ны өдөр Түүхийн ухааны доктор, судлаач М.Ганболд “Урианхай туулийн түүх, домог” сэдвээр сургалт зохион байгуулав.

05 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд Зууны манлай туульч Б.Баярмагнай олон нийтэд “Жангар” тууль хайлж, ШУА-ийн Хэл зохиол судлах салбарын эрхлэгч, доктор А.Алимаа “Халх туулийн уламжлал” сэдвээр илтгэл зохион байгуулж оролцов.

Үзэсгэлэн 2024 оны 05 дугаар сарын 12-ны ням гаригийг дуустал үргэлжилнэ.

# Сэдвүүд
Мэдээ