“ХУБИЛАЙ ХААНЫ ЯПОН РУУ ХИЙСЭН ДОВТОЛГООНЫ ДАРААХ 750 ЖИЛИЙН ТҮҮХИЙН ОЛОН УЛСЫН СИМПОЗИУМ” ЗОХИОН БАЙГУУЛАВ
2024-11-20

Монгол, Япон хоёр орны судлаачдын хамтарсан “Хубилай хааны Япон руу хийсэн довтолгооны дараах 750 жилийн түүхийн олон улсын симпозиум”-ыг Япон улсын Фүкүока хотын өргөмжит консулын газар, Кюүшюү их сургууль, Кокүгакүин их сургууль, Нара Их сургууль, Соёлын өвийн үндэсний төв, Фүкүока хотын Кюүшюү их сургуулийн Ито кампусын Инамори танхимд 2024 оны 11-р сарын 08-нд зохион байгуулав.

Симпозиумд Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Ч.Энх-Амгалан, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Баярсайхан, Соёлын өвийн үндэсний төвийн захирал, доктор Г.Энхбат, Монгол Улсын Их сургуулийн Антропологи, Археологийн тэнхимийн эрхлэгч, профессор У.Эрдэнэбат, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Дундад зууны салбарын эрхлэгч, доктор С.Хүрэлсүх, Хархорум музейн захирал Т.Баяраа, Монголын Үндэсний музейн албаны дарга, доктор Д.Мөнхтогоо, Т.Оюунхишиг, Соёл урлагийн их сургуулийн багш Б.Мөнхцэцэг, докторантур Б.Үүрийнтуяа, “Ибисокү монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цогзолмаа нарын төлөөлөгчид, Япон улсад ажиллаж, суралцаж буй Монгол улсын иргэд оролцов.

Анх 2017 онд Японы профессор Имазү Сэцүо Монголд хүрэлцэн ирж, албаны хүмүүстэй цаашид Такашима арлын дурсгалт газраас илэрч буй олдворуудад хоёр орны судлаачдын хамтарсан судалгааг бодит ажил хэрэг болгох, дээрх ойн арга хэмжээг зохион байгуулах тухай ярилцаж байжээ.

Улмаар 2022 онд Монгол улсаас 750 жилийн ойн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, ойн арга хэмжээг идэвхжүүлэх талаар Япон улсын холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж, хоёр орны судлаачдыг хамруулсан түүхэн үйл явдал болон Такашима арлын тухай баримтат кино, “Хубилай хааны усан флотын довтолгоо 750” сэдэвт дурсгалын зоос, дурсгалын гэрэлт хөшөө, хоёр орны эрдэмтэн судлаачдын нэгдсэн анхны симпозиумыг зохион байгуулахаар тохиролцсон байна.

Дээрх төлөвлөгөөний хүрээнд 2023 оноос Соёлын өвийн үндэсний төв, “Титанс фильм”-тэй хамтран түүхэн баримтат кино зураг авалтын багийг Япон улсад ажиллуулж, олон хүний туслалцаа дэмжлэгээр энэхүү түүхэн баримтат киног бүтээсэн юм.

Энэ хугацаанд СӨҮТ-ийн захиалгаар “Хубилай хааны усан флот” дурсгалын зоосыг үйлдвэрлүүлж, худалдаанд гаргасныг Монгол банкны эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяа симпозиумын үеэр олон нийтэд дэлгэж, зарим хүндэт зочдод гардууллаа.

Ойн арга хэмжээг зохион байгуулахад гар бие оролцсон хүмүүс, Фүкүока хот дахь өргөмжит консул Ш.Алтан-Эрдэнэ, менежер П.Туяа, Кокүгакүин их сургуулийн судлаач профессор Икэда Ёшифүми, Нара их сургуулийн дэд захирал Имазү Сэцүо тэргүүтэй хамт олон, “Ишикава Кэнсэцү” ХХК-ийн Дэд захирал Ишкава Юүки, Монголын талаас оролцсон илтгэгчид, судлаачид, мэргэжилтнүүд, танхимд хүрэлцэн ирсэн нийт зочид төлөөлөгчдөд гүн талархал илэрхийлье.

 

# Сэдвүүд
Мэдээ