СОЁЛЫН БИЕТ БУС ӨВ ГИЙНГОО БӨХ, МОРИНЫ ЦОЛ ДУУДАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-04-29

Мартагдаж буй соёлын өв болох бөх, морины цол дуудах, гийнгоолох өвийг түгээн дэлгэрүүлэх, “Хүүхэд гэр бүл хөгжил хамгаалал”-ын жилийн ажлын төлөвлөгөөний  хэрэгжилтийг хангах, 100 жилийн ой тохиож  буй сумд наадмын бэлтгэл ажлыг хангах  хүрээнд зохион байгуулагдсан тус сургалт 2024 оны 04 дүгээр  сарын 15-17-ны өдрүүдэд  “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын их танхимд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Сургагч багшаар Монгол Улсын Хүндэт засуулч Гурвансайхан сумын уугуул О.Жанчивдорж, Морь  цоллооч, Улсын  ахлах засуул Т.Цэрэндаваа, СТА, уртын дуучин Х.Эрдэнэцэцэг нар байлаа.

Сургалтад Хулд-7, Дэлгэрхангай-5, Дэрэн-4, Дэлгэрцогт-4, Сайхан-Овоо-1, Луус-1, Гурвансайхан-19, Адаацаг-1, Баянжаргалан-1, Сайнцагаан-31 нийт 74 оролцогч оролцлоо.

Сургалтын зардалд 3,563,000 төгрөг зарцуулсан. Мөн Гурвансайхан сумын Соёлын төв морь, бөхийн цол дуудах сургалтыг Улсын цоллооч, засуул Т.Цэрэндаваа Бөхийн цол дуудах, бөхийн гаралт, дэвээ шаваа, монгол бөхийн ёс жудаг чиглэлээр Монгол Улсын Ахлах засуул, цоллооч О.Жанчивдорж нар 2024 оны 04 дүгээр сарын 10-13-ны хооронд 3 өдрийн сургалт явуулсан. Сургалтад 18 хүүхэд 1 насанд хүрэгч нийт 19 иргэн хамрагдсан. Сургалтын зардалд 500,000 төгрөг зарцуулсан.

Сургалтын үр дүнд 9 сургагч багш бэлтгэгдэж, анхан шатанд 60 хүүхэд сурч, 6-р сард давтан сургалтад хамрагдана. Ахисан шатанд 5 хүүхэд хамрагдаж морь, бөх цоллогоог наадамд морь цоллох хэмжээнд сурлаа. Цаашид “Яргуй” аймгийн урлагийн бага наадамд оролцох зорилгоор сумд сургалтаа эхлүүлээд байна.

Сургалтаас онцлох нь: Говь-Угтаал сумын 1-р багийн малчин Санжийн Доржийхүү нь ерөөл магтаалч, дууч хүн байсан бөгөөд түүний хүү Монгол Улсын Сайн малчин Жаргалсайхан, хүү Мэргэнбаяр, хүү Түвшинбаяр, хүү Түвшинбаатар нар нь  ерөөл магтаал, бөх, морины цол дуудах, боржигин найрын дэг ёс, найр даргалах зэргийг өвлөн уламжилж түгээн дэлгэрүүлж буй бөгөөд Д.Түвшинбаяр хүү Гомбожав, Жамсранжав нарын хамт оролцлоо. Хүү Т.Гомбожав нь сүүлийн 3 жил Даянгийн даага цоллож байгаа юм.

Дээрх сургалтыг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл, урлагийн  газар, “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр, Биеийн тамир, спортын газар хамтран зохион  байгууллаа.

# Сэдвүүд
Мэдээ