ОХУ-ЫН СЭРГЭЭН ЗАСВАРЛАГЧДЫН ТӨЛӨӨЛӨЛ ҮНДЭСНИЙ ТӨВД ЗОЧИЛЛОО
2024-04-25

Оросын Холбооны улсын “Сэргээн засварлагч мэргэжилтнүүдийг холбоо”-ны тэргүүн Татьяна Черняева, ОХУ-ын ЭСЯ-ны Соёлын асуудал хариуцсан атташе Надежда Латышева нар 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Соёлын өвийн Үндэсний төвийн удирдлагуудтай албан уулзалт хийлээ.

ОХУ-ын 120 гаруй мэргэжлийн байгууллага, хувь хүнийг нэгтгэсэн “Сэргээн засварлагч мэргэжилтнүүдийн холбоо”-ны санаачлагаар ОХУ-Монгол Улсын соёлын өвийн бага хурал болон хамтарсан хээрийн ажлыг 2024 оны 10 дугаар сарын 01-05-ны хооронд анх удаагаа хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.

Энэхүү бага хурал нь Монголын соёлын биет өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын өнөөгийн түвшин, хэрэглэгдэж буй бодис хэрэглэгдэхүүн, орчин үеийн дэвшилтэт багаж тоног төхөөрөмжийн хэрэглээ, шинэ судалгаа, сэргээн засварлах аргазүй, урлан, лабораторийн онцлог, бүрдэлтэй танилцаж, мэргэжилтэн албан хаагчдын мэдлэгийг чадавхжуулах, туршлага судлах зорилготой юм.

Цаашлаад хоёр улс соёлын өвийн чиглэлээр хамтран ажиллах, мэргэжлийн байгууллагууд хоорондоо туршлага солилцох нөхцөл боломж бүрдэнэ гэж хоёр тал тооцож байгаа билээ. Уулзалтын хүрээнд тус үйл ажиллагааны бэлтгэл ажлыг хэлэлцэж, СӨҮТ-тэй танилцав.

# Сэдвүүд
Мэдээ